Соёлын биет болон биет бус өвийг аль алийг нь шинэгээсэн гар урлал болох хатгамалын нэг төрөл зүү ороох урлалыг орчин цагт түгээн дэлгэхүүлж байгаа Хан-Уул дүүргийн 3-р хорооны иргэн Уран хатгамалч Ц.Даваасүрэнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байнаа. Тэрээр 2022 онд Соёлын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулагдсан “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч уламжлалт гар урлалыг дэмжих хөгжүүлэх боломж, шийдэл-2022” арга хэмжээний шилдэг оролцогчоор шалгарсан юм.
- Хүнд хобби гэж байдаг. Тэр нь таны хувьд хатгамал урлал уу?
- Миний хувьд хобби хөөж энэ урлалд ороогүй. Үндсэн мэргэжил маань багш. Гэнэт эрүүл мэндийн шалтгаанаар тал харвалт өгч, тэр өвчин зовиурыг мартах, буцаж хэвийн байдалдаа орохын тулд хөдөлгөөнтэй байх ёстой болсон тул зүү ороох урлалыг сонирхож 2016 онд Д.Энхтуяа багшдаа шавь орж байлаа. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл анхлан суралцагчаас гүйцэтгэх захирал, дүүргийн салбар хариуцан ажиллах хүртлээ суралцсаар явж байна.
- Машинаар хатгасан хатгамал, зүү ороосон оёдол хоёрын ялгаа, үнэ цэнэ юунд оршиж байна?
- Гар урлал болон машинаар оёж бүтээсэн зүйл дэлхийд хоёр өөр үнэтэй. Машин бол нэгэн жигд л оёно, гар урлалд сүүдэр, нугалаа, өнгө гэрэл энэ бүхнийг гаргахын тулд амьд мэт харагдтал оёх болдог. “Урлаач” хүний бүтээлийг харахад амьд мэт харагдтал урласан бүтээл урлаж чадаж байж тэр хүнийг урлаач гэнэ. Уран зураачаас илүү амьд мэт харагдуулах гэж бид тунгаан бясалгаж, бодох, тооцон, цаг хугацааг зарцуулж бий болгодог.
- “Уран хатгамал” урлан үүсгэн байгуулагдснаас хойш “урлаач” гэж хэлж болох хүн танай урлангаас хэд гарсан вэ?
- Зөвхөн миний хувьд 200 гаруй хүнд зүү ороох, бүтээл хийхийг зааж өгч байна. Гэхдээ тооноос жинхэнэ урлаач гэх хүн бол гарын 10 хуруунд тоологдохоор гардаг. Энэ арван хүн чинь цаагуураа ураг удамд нь уран дархан, уран зураач, ямар нэг байдлаар урлагийн тэр дундаа өнгө будаг хоршсон өндөр мэдрэмжтэй хүний ураг удам байдаг. Бид урланд ирсэн хүн бүхэнд зүү ороох, утастай харьцах, тэр бүү хэл хайч, зүүгээ зөв хэрэглэх, ахуйн соёл, дээр нь хээ угалз, ан амьтдын билэгдэл, хүч чадал гээд бүх зүйлийг ижил төвшинд зааж сургадаг. Төрөлхийн авьяастай, уран хүн эхний оёдол зааж өгөөд хартал сурчихсан байдаг, зарим нь эхний оёдлоос цааш явахгүй хоёр сар, хагас жил хүртэл хугацаа зарцуулсан байдаг. Яг таны асууж байгаа уран урлаач бол байгаль эхээс заяагдан төрсөн байдаг. Гэхдээ уйгагүй хөдөлмөрч, эхний утсаас сүүлчийн бүтээл бэтүүлэгдээд дуусах хүртэл асуудаг, суралцдаг хүмүүс манай урланд их олон. Харааны ур, гарын ур тэвчээр хэрэгтэй. Анхаарал төвлөрч, бясалгаж хийж байж бүтдэг үйл. Ингэснээр сайхан бүтээл гардаг.
- Шавь нар нь эхний бүтээлээ хэнд зориулж байна?
- Дийлэнх нь өөрийн болон хадам аав, эр нөхөртөө, том хүүдээ зориулдаг. Даалин, аяга болон даллагын уут нь хүндэтгэл дагуулсан эд агуурсын зүйл болохоор хамгийн эрхэм дээд хүмүүсдээ зориулдаг. Түүнээс гадна, сүүлийн үед өөрсдөө оёхгүй ч арван жилийн сурагчид багшдаа, гадагшаа суралцахаар явж байгаа найздаа, нэг нэгнийхээ төрсөн өдөр гээд тэмдэглэлт өдөрт нь тухайн хүнд зориулсан бүтээлийг бэлэглэдэг болсон.
- Даалин хийсэн хүмүүсийг санхүүгийн дэмжлэг үзүүлж та бүхэн худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлдэг гэсэн?
- Бэлдэц манайхаас аваад хэрхэн яаж оёхыг заалгана. Хэдэн ч өдөр тэр хүн асууж, сурч болно. Тэр бүх хүмүүсээс үнэхээр бүтээл гэж хэлж болох бусад хүмүүсийн эрэлт, хүсэл сонирхолд нийцсэн, хамгийн гол нь хэрэглээ даах, ан амьтан нь зөв, амьд мэт харагдахуйц урласан бүтээлийг бид худалдан борлуулж өгдөг.
- Эмэгтэй хүн бүхэн урлаач болохгүй ч утас зүү нийлүүлэх шаардлага гардаг. Үүн дээр юу гэх үү?
- Арван жилийн хүүхдүүд манайхаар ирдэг. Тэндээс харахад Хөдөлмөрийн багш нарыг чадавхжуулах ажлыг төрөөс дэмжих хэрэгтэй байна. Багш нарын мэргэжлийн чадамжийг нэмэгдүүлж өгснөөр ирээдүйн ээж, эх хүн, өв соёлоо дээдэлдэг, зөв хүн бий болгоход гол чиглэл болно гэж хардаг.
- Оёдол дагасан нарийн дэг, ахуйн соёл бий гэж ойлголоо?
- Жишээ нь ууртай байхдаа зүү ороовол утас ирчлээд явадаггүй. Утас хүртэл мэдрэмжтэй. Зүү ороож байгаа үед аймшгийн кино үзэж болохгүй. Зүү ороох соёл гэж байна. Ойрын жишээгээр хатгамалын хамгийн нарийн зүү 12 номер байдаг. Нэг эмэгтэй зүүгээ олохгүй байсан. Гэтэл тэр нь биерүү нь ороод мэс засалд орж авахуулсан. Ахуйн хүрээнд цэвэрхэн байх, нямбай байхыг зүү ороолт шаарддаг. Зөвхөн оёдол хийхдээ эмц цэгцтэй болохоос гадна, амьдрал дээр үр хүүхэд, хойч үедээ ахуйн соёлоо үлдээх нь чухал гэдгийг бид алхам тутамдаа ярьдаг.
- Жирэмсэн хүн юм оёх муу гэдэг яриа байдаг?
- Зүү гэдэг төмөр. Тэгэхээр нялх биетэй байхдаа зүү ороох, ямар нэг хатгамал хийх нь хэрэггүй гэж зөвлөнө. Төмрийн харшилтай болж болно, түүнээс гадна нүдний хараа муудна. Эрүүл явбал улсын наадам үзнэ гэдэг шиг эхлээд биеэ торд. Дараа нь танд үйл урлах цаг гарна.
- Монгол билэгдлийн талаар?
- Монгол хүн бүхэн түүх соёл, билэгдэл, ёс заншил мэддэг байх “шаардлагатай”. Дөрвөн хүчтэн байна. Үүнийг сүүлийн үед бүх юманд хийдэг болж. Уран хүмүүс оймсны хараан дээр дөрвөн хүчтэн, хангарьд шувууг оруулж ирсэн харагддаг. Гэтэл Хангарьд гэдэг амьтан өөрөө тахигддаг амьтан. Гэтэл тэлээ, бүс, өмдөн дээр хийдэг болж, найман тахилыг эмээлийн бүүрэг дээр хийчихсэн байдаг. Хамтгамалчдад хэлэхэд оёж болохгүй зүйл байдаг гэдгийг хэлдэг. Ойрын жишээ гэхэд арслан очир барьсан зураг зурагдсан байсан. Үүнийг зураач нар ч анхаарах хэрэгтэй. Соёмбоыг бид толгойн орой дээрээ залж, туган дээрээ бишрэн хүндэлдэг. Гэтэл хөлнөөс доогуур байршуулж болохгүй.
- Монгол билэгдэл гэдгийг хоёр минутанд ярих зүйл биш юм даа?
- Тийм шүү, Бар гэхэд шар, улбар шар харагддаг, арслан цагаан өнгөтэй байдаг. Гэтэл хүмүүс цэнхэр бар, ногоон арслан оёсон байдаг. Гэтэл тэр хүн амьд мэт харагдтал оёсон урлаач байсан ч ногоон өнгийн бар, цэнхэр өнгийн арслан оёсон бол тэр урлаач биш. Та цэцэг хатгаж байгаа бол дуртай өнгөөрөө хатгаж болно.
- Билэгдэл бодож оёсон зүйл хүндэднэ гэж байх уу?
- Байлгүй яах уу. Очир, Нацагдоржтой даалинг 70 наснаас дээш настай хүн, мөн үр хүүхэд олонтой хүн барьдаг байсан. Жишээ нь ганц бие, дээр нь нас залуу хүн барьдаггүй байсан байна л даа. Одоо бол 30 наснаас дээш авч хэрэглээч гэсэн санал тавьдаг. Тэр бүр хүмүүст таны хэрэглэх нас болоогүй байна гэж хэлж чадахгүй байна. Юу эдлэж хэрэглэхээ мэдэхгүй орж ирж байгаа хүн бол уншиж судлах хэрэгтэй. Уламжлал, өв соёлын талаар мэддэг байх хэрэгтэй. Анхан шатны билэгдлийг өнөө цагийн бид мэддэг, үр хүүхэддээ хэлдэг л байх хэрэгтэй.
- Зүү ороосон хатгамал хадгалалт хир даадаг вэ?
- Эртний үеэс харвал Манж, Чин улсын үед одоогийн бидний хэлдэг хавтага, тухайн үед үнэртний уут гэж байж. Энэ эд өлгийн зүйл одоо ч хадгалаатай байж л байна. Манай урлангийн хувьд 1870 гаруй оны даалинг сэргээн засварлаж байсан. Тэр үед тухайн бүтээлийн торго нь элэгдээд, оёдол нь хэвээрээ байсан. Тухайн үед бол хүр хорхойн торго гээд байгалийн гаралтай торгон дээр хийгдэж байсан бол одоо химийн гаралтай материал бий болсон тэгэхээр илүү удаан хэрэглэгдэх байх.
- Даалин их хэмжээгээр худалдаа, захиалгад дарагддаг сар, жилийн онцлог гэж байдаг уу?
- Бэлдэцний хувьд жил тойрон гардаг. Гэхдээ 6, 9 сард бол хичээл сургууль эхлэх, төгсөлт хонхны баяр гэсэн цагт сулардаг. Эргээд 6 сарын дунд үеэс наадам, хурим найр гээд захиалга худалдан авалт нэмэгддэг. Даалин битүүлэг цагаан сар, наадмаас 1-2 сарын өмнөөс эхэлдэг. Хэт их ачаалалтай үед оочир дугаар таслах үе ч гардаг. Тиймээс төлөвлөгөөтэй, хэзээ хэрэглэх үү, хэнд өгөх үү, ямар насны хүнд үү гээд бодох төлөвлөх юм их.
- “Уран хатгамал” урланг үүсгэн байгуулсан урлаач Д.Энхтуяа багш хээний 5 цуврал ном гаргасан байсан нь урлаач нарын дунд том сурах бичиг болдог байх?
- Нэг номонд 250 хээ амьтан орсон, 5 цуврал гэхээр нийт 1250 хээ орсон. Дахин давтагдахгүй, түүнчлэн их, бага, дунд гарын мөн хар бараан торго, өнгөлөг торгонд зурагдах гээд хоёр төрлөөр хээний бэлдэц байдаг болохоор зурж чадахгүй байсан ч гарын доорх том сурах бичиг болдог байх.
- Машинаар хэвлэмэл бүтээл, гараар урлах тэр дундаа танай урлан өөрийн зураачтай гэдэг онцлог байна, энэ онцлогоос хуваалцвал...?
- Хэвлэмэл юм их болсон энэ цагт гар зураачтай байх нь давуу тал. Орчин цагт зөвхөн уламжлалт хээ, дүрс, амьтан урлах биш байгууллагын лого, шүтэж дээдэлдэг уул усаа урлуулах болсон. Зураач байгаагийн онцлог гэвэл уул усныхаа дэргэд, тийм шувуу, ийм амьтан, гэр нэмээд хийлгэмээр байна гэх мэт зургийн захиалга орж ирдэг. Торгон дээр зурна гэдэг амаргүй, товгор хээтэй торго дээр зураг зурах нь дүрс эвдэгддэг. Тэр дүрсийг амьд мэт оёно гэдэг урлаачийн ур ухааны шалгуур юм.
- Гар урлал ямагт үйлдвэрийнхээс үнэтэй байдаг?
- Япон улс гар хийцийг маш их хүндэлдэг. Гар хийцийн бүтээл нэг л удаа, нэг л хувь үйлдвэрлэгддэг. Үнэтэй байхаас өөр аргагүй. Хялгасан утсаар өнгө дагнаж, өнө удаан удам дамжин хэрэглэгдэх бүтээл гаргахын тулд 6 сараас 1, 2 жилийн хугацаанд оёж байгаа болохоор зүү ороосон даалин дахин давтагдахгүй бүтээл гардаг тул “үнэтэй” байхаас өөр арга байхгүй. Тэр үнэ цэнийг манай худалдан авч, үйчлүүлэгчид маань ч мэддэг болсон.
- Ардын уламжлалт ёс заншил, өв уламжлалаа сэргээх, түгээх дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа танд болон танай хамт олонд улам их амжилт хүсье.
- Баярлалаа.